​Цалингийн зээлээр хэдийг авч чадах вэ?

  • 2014 / 06 / 13

Асуулт 4:
Сайн байна уу? Анх удаагаа цалингийн зээл авах гэж байна. Нийгмийн даатгал төлөөд жил болж байна. Одоо ажилладаг компанидаа 7 дахь сардаа ажиллаж байна. Цалин сарын 600000 төгрөг. Ийм тохиолдолд хамгийн дээд тал нь хэдэн төгрөгний зээл авах боломжтой вэ?
Хариулт 4:
Сайн байна уу? Цалингийн зээлтэй холбоотой таны асуултын дагуу дараах зөвлөгөөг нийтэлж байна.
Таны асуултаас харахад:

  • Өмнө өөр зээл авч байгаагүй буюу одоо банк болон банк бус санхүүгийн байгууллагад ямар нэг зээлгүй гэж ойлгож байна. Хэрвээ өөр зээлтэй байгаа бол банк зээлээ төлөх мөнгийг таны авч чадах зээлийн хэмжээнээс хасч олгодог юм. Харин зээлгүй тохиолдолд таны цалинг тооцоолон авах боломжтой зээлийг гаргаж өгнө.
  • Та 7 сарын өмнө одоо байгаа компанидаа орсон, гэхдээ 1 жил нийгмийн даатгал төлсөн гэсэн байна. Тэгэхээр нийгмийн даатгалаа тасралтгүй төлсөн гэж ойлгогдлоо. Цалингийн зээл өгөхдөө банкнаас судалдаг гол зүйлүүдийн нэг бол нийгмийн даатгал хэрхэн төлөгдсөн, тасралтгүй төлсөн эсэхийг хардаг.
  • Ихэнх банкууд 6 сар тасралтгүй тухайн байгууллагадаа ажилласан байх шаардлага тавьдаг. Таны ажилласан хугацаа үүнд нийцэж байгаа юм байна.
  • Та сарын цалин 600,000₮ гэж бичсэн байгаа нь нэрлэсэн цалин гэж ойлгож байна. Тэгэхээр таныг сүүлийн 6 сарын турш сар бүр нийгмийн даатгал төлөгдөөд та гар дээрээ 493,000₮ авч байсан гэж үзээд хэдэн төгрөгийг зээл авах боломжтойг ойролцоогоор тооцооллоо. Зарим сард 600,000 төгрөгөөс илүү эсвэл, бага цалин авч байсан бол танд олдох зээлийн хэмжээ арай өөр байж болохыг анхаарна уу?

Таны аль банкнаас цалингаа авдаг мэдээлэл байхгүй учир хэд хэдэн банкны цалингийн зээлийн мэдээллийг авч бэлтгэлээ.
Одоо та хэдэн төгрөгний зээл авах боломжтой байгаагаа эндээс хараарай.
Танай байгууллага аль банкны картаар цалингаа өгдөг вэ?
Хэрвээ ХААН, Голомт, Худалдаа Хөгжил, Капитал банкнаас цалингаа авдаг мөн танай байгууллага эдгээр банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бол та 493,000*12=5,916,000 төгрөгний зээл авах боломжтой.
Дээрх банкууд цалингийн зээлийн хэмжээгээ гарт олгох цалинг 12 дахин нэмэгдүүлсэн дүнтэй гэж тогтоосон байна./гар авдаг цалингаа хялбар аргаар тооцохыг хүсвэл энд дарна уу/
Харин Төрийн банкнаас цалингаа авдаг бол цэвэр цалингийн 80%-ийг 24 дахин нэмэгдүүлсэн дүн хүртэл хэмжээгээр олгох юм байна. Та 493000*0.8*24=9,465,600 төгрөгний зээл авах боломжтой юм. Энд таны гар дээр авдаг цалингийн хэмжээгээр бодсон байгаа. Хэрвээ та өөр зээлтэй бол зээлийн төлбөрт төлдөг дүн гар дээрх цалингаас тань хасагдаад цэвэр цалингийн хэмжээ гарч түүгээр бодогдоно гэсэн үг.
Цэвэр цалин гэж таны гар дээр авдаг цалингаас ямар нэг зээлтэй бол сард зээлэнд төлдөг дүнг хасаад гаргаж байгааг хэлнэ.
Танд хэдэн төгрөгний зээл авах боломж байгааг мэдэж авсан гэж найдаж байна. Зээл аваад сард төлөх дүнгээ тооцоолж үзэх чухал. Учир нь их хэмжээний зээл авчихдаг дараа нь төлөх гэж өөртөө хэт дарамт үүсгэж болохгүй шүү дээ. Таны зээлийн хэмжээнээс хамаарч 5,916,000 төгрөгний зээл авбал сард 258,404₮ төлөх юм байна.
Цалингийн зээлийн талаар дараах зүйлийг лавлаж мэдэхэд илүүдэхгүй:

  • Нягтлангаасаа цалин авдаг банктай танай байгууллага цалингийн зээлийн гэрээтэй юу гэдгийг асуух хэрэгтэй. Гэрээтэй бол зээл авахад ямар ч асуудалгүй. Харин гэрээ байгуулаагүй бол тухайн банкинд очиж зээлийн эдийн засагчтай уулзаад боломж юу байгааг асуу. Капитал банк цалингийн зээлийн гэрээтэй болон гэрээгүй аль ч нөхцөлд цалингийн зээл олгодог юм байна лээ.
  • Цалингийн зээлэнд цалин нь барьцаа болж байгаа. Зарим банкуудад бүрдүүлэх материал дээр барьцаа хөрөнгөний бичиг баримт гэсэн байгааг банкнаас лавлаж сайтар асуугаарай.
  • Бүрдүүлэх материал болгоныг зээлийн эдийн засагчаас нягтлан яг юу юуг бэлдэж авчрах ёстой гэдгээ мэдэж авах хэрэгтэй.

Цалингийн зээлтэй холбоотой бусад зөвлөгөө, мэдээллийг манай сайтын цалингийн зээл рүү орж унших боломжтой. Мөн эндээс та цалингийн зээлийн хэмжээ, хүү, хугацаа, бүрдүүлэх материал зэрэг бүгдийг нэг дороос харах боломжтой. 

Доорх хүснэгтээс Та хэдэн төгрөгийн цалингийн зээл авах боломжтойгоо банк тус бүрээр харна уу. Мөн тухайн банкнаас нэмэлт мэдээлэл авах бол "Дэлгэрэнгүй …" гэсэн товчийг дарж орно уу.

Танд амжилт хүсье.

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, зуучлал

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Хэрэглээний зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа