​Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна: 3-р хэсэг

  • 2014 / 06 / 12

Чадахынхаа хэрээр ол, Боломжийнхоо хэрээр хуримтлуул, Зайлшгүй зүйлд зар.


Мөнгийг зөв зарах хэрэгтэй. Гэвч цагтай адил түүнийг зөв зарцуулах нь тийм ч амаргүй. Ухаалаг хүн зайлшгүй ажилд хэр хэмжээнд нь таарсан цаг зарцуулдаг шигээ гарцаагүй зүйлд төдийчинээ мөнгө хэрэглэдэг. Бага мөнгийг ч бай хамаа намаагүй зарж болохгүй.
Мөнгө өөрөө сайн ч юм биш, муу ч юм биш. Гагцхүү хүмүүс мөнгийг хэрхэн хэрэглэснээс л түүний сайн, муу тал илэрдэг. Энэ үүднээс залуучууд мөнгийг сайн талаас нь зөв зүйлд зарах аргыг эртнээс эзэмших хэрэгтэй гэж надад бодогддог. 


Юуны өмнө мөнгийг зайлшгүй хэрэгцээтэй юманд зарах хэрэгтэй. Түүний шалгуур нь “ашиг”. Хичнээн их байлаа ч зайлшгүй хэрэгцээтэй зүйлд бол зарах нь зөв. Үүний эсрэгээр хичнээн бага байлаа ч зайлшгүй биш бол зарах хэрэггүй. Асуудлын гол нь мөнгөний хэмжээнд биш, харин өөрт болон бусдад тус болох уу, үгүй юу гэдгийг эхэлж бодох хэрэгтэй. 


Ямар ч хэрэггүй юманд мөнгө үрэх нь хамгийн тэнэг хэрэг. Зайлшгүй хэрэгцээгүй юмыг хямдыг нь бодоод авчихсан хүн байдаг. Мөн өөрт онцын хэрэгцээгүй атлаа бусдыг дуурайгаад авчихдаг хүн ч бий.
6 тэрбумын хөрөнгөтэй “Хангүг Киге”-г би аваад, 3 тэрбумын өртөгтэй үйлдвэрлэлтэй шууд холбоогүй, ажиллагсдын ахуй үйлчилгээний байгууламж барихаар шийдсэн юм. Гэтэл тэр пүүс бөөн өртэй байв. Эхлээд хуримтлагдсан өрөө дарах нь тулгамдсан асуудал байсан тул удирдах ажилтнууд бүгд эсэргүүцсэн. Гэвч би шийдвэрээсээ буцаагүй. 3 тэрбум вон бол асар их мөнгө.

Зайлшгүй зарцуулах шаардлагатай л бол хэмжээ нь чухал биш.

Харин хичнээн бага боловч хэрэггүй юманд үрэх мөнгөнд гар татдаг. Тэр үед Сөүлээс Инчон дах пүүсийн төв рүү явдаг ажилчдын автобус Кениний өндөр хурдны замаар явж, замын хураамжид 600 вон төлдөг байв. Гэтэл Инчоноос жаахан наана байдаг өндөр хурдны замаар явбал 300 вон төлдгийг би санаандгүй мэдсэн юм. Явах бүртээ 300 вон хэмнэх болов. 3 тэрбум уу, 300 уу гэдэгт асуудал байгаа биш л дээ. Зайлшгүй шаардлагатай бол бол 3 тэрбумийг ч зарах л хэрэгтэй. Энэ бол мөнгийг зөв зарцуулж байгаа хэрэг. Харин зайлшгүй биш бол 300-хан вон ч үрж болохгүй. Энэ ч бас мөнгийг зөв хэрэглэж байгаа хэрэг.
Намайг түншдээ өгөх бэлгээ өөрөө сонгодог гэхэд гайхдаг. Худалдагч намайг том пүүсийн эзэн гээд үнээ учиргүй нэмэх гэдэг. Би харин худалдагчтай наймаалцаж, үнийг эцэст нь хүртэл буулгана. Дэмий илүү мөнгө өгч юм авах хэрэггүй шүү дээ.

Мөнгөтэй гээд урсгачихдаг хүнийг өглөгч, зайлшгүй биш зүйлд мөнгө зардаггүй хүнийг харамч гэсэн бодлоосоо салах хэрэгтэй.

Би хэдийгээр замын хураамжны 300 вон дээр ч юмуу, ваар авахдаа нарийлдаг ч ажилчдынхаа мэргэжил, боловсрол мэдлэгийг дээшлүүлэхэд 20 тэрбумыг ч харамгүй зардаг. Хүн мөнгө зарах, зарахгүй тохиолдлыг сайн ялгаж сурах нь чухал. Зайлшгүй хэрэгтэй үед нь мөнгө зарцуулдаг хүн л зөв зардаг хүн. Өчүүхэн ч гэсэн хэрэгцээгүй юманд мөнгө үрдэг хүн мөнгө зарж чаддаггүй хүн. Байгаагаа тэр дор нь үрчихдэг нь тэнэг хүний хэрэг. Байгаа юмаа маргаашийнхаа төлөө бага багаар нөөцлөх хэрэгтэй. Энэ л ухаалаг хэрэг.

ЧАДАХЫНХАА ХЭРЭЭР ОЛ. БОЛОМЖИЙНХОО ХЭРЭЭР ХУРИМТЛУУЛ. ЗАЙЛШГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛ


Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 1-р хэсэг

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 2-р хэсэг


Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Бизнесийн зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа