​Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна: 7-р хэсэг

  • 2020 / 08 / 10

Нуугдсан авьяасыг хэн илрүүлж өгөх юм бэ?


Өөртөө байгаа чадавхийг ухаарч дайчилсан нь амжилтанд хүрдэг

Туйлын ядмагхан биетэй эх нь хайрт хүүгээ аврахын тулд хүндээс хүнд машин өргөсөн юм гэнэ лээ гэсэн яриа сонсч байсан. Сандарч мэгдсэн хүн хааяа хэрээсээ хэтэрсэн хүч гаргадаг тал бий. Хүн ер нь үнэндээ асар их хүч чадавхитай амьтан. Гагцхүү тэрийгээ бүрэн дайчилдаггүй учир тийм хүч чадавхитайгаа сайн ойлгодоггүй хэрэг.

Хүн чадавхийнхаа 15-аас илүү хувийг ашиглаж чаддаггүй гэнэ. 20 орчим хувийг ашиглавал гоц авьяастан гэгдэж 30%-ийг ашигласан нь нэгэн үеийн баатар болно. Эцсийн эцэст гоц авьяастан гэгдэнэ үү, баатар ч гэнэ үү ямар ч байсан өөртөө байгаа чадавхийг өөрөө нээсэн хүн гэж хэлж болно.

Та бүхэн ямагт өөрийгөө эргэн харж ухаантай, сайн сайхан хүн болохын тулд өөрийгөө шахах хэрэгтэй. Бусдад энэрэнгүй, өөртөө хэзээд хатуу бай. Өөрийгөө дийлдэг хүн өрөөлийг ялж чадна.

Оюутан байхдаа илүү ахиухан юм мэдэж сурч аваагүйдээ би харамсаж явдаг. Залуудаа гадагшаа явж суръя гэсэн ч болж өгөөгүй юм. Тэгээд ч тэр үү юм сурах юмсан гэсэн бодлоосоо би ер салдаггүй. Ялангуяа дэлхийн олон орноор явж янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзахаараа өөрийгөө голох үе их гардаг.

Тийм болохоор би гадаадад явахдаа найз профессоруудтайгаа хамт явдаг. Онгоцонд явахдаа тэдний яриаг сонсох гэж тэр шүү дээ. Түүнээс өөрөөр цаг гаргах боломж ч байдаггүй. Нислэгийн цагийг ингэж мэдэхгүй юмаа мэдэж авахад ашиглаж байгаа хэрэг.

Сүүлийн үеийн залуусын сэтгэлгээ бодит байдалд хэт баригдсан, хувийн ашиг харсан шинжтэй болж гэлцдэг. Дөрвөн аргын хүрд цээжлэх маягаар авсан 100 оноондоо сэтгэл нь ханачихвал тэр сурагчийн сурлага ахина гэхэд хэцүү. Түүний авсан оноонд бүтээлч юм алга. Шог зураг, телевизээр хүмүүжсэн хүүхдүүд юм сэтгэх дургүй болж, адал явдалд хорхойтон сэтгэл нь ханадаг болчихно. Өөрийгөө хөгжүүлэх зав ч тэдэнд гарахгүй.

Байгаа байдалтайгаа зууралдах нь ухралт мөн

Нэг л байрандаа байгаад байна гэдэг бол ухралт гэсэн үг. Гоц авьяастан, баатарлаг хүмүүс яг та нарт адилхан байдаг авьяас чадвараа та нараас арай илүү хөгжүүлж ашигласнаас өөр юм байхгүй.

Нуугдсан дотоод нөөц чадавхиа илрүүлэгтүн.

Тэр чадвар тань та нарыг олж илрүүлэх хүртэл нуугдсаар байх болно. Гэвч дуудахад л сэрэхэд бэлэн байгаа юм шүү.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛИЙН ТӨРЛҮҮД

БАНКУУДЫН ХҮҮГ ТООЦОХ

Сурталчилгаа