​Банк таны бодож байснаас өөр дүнтэй хүү нэхдэг үү?

  • 2014 / 04 / 23

Өнөө үед бараг хүн бүр л зээлтэй байдаг. Хүн бүр л өөрийгөө зээлийн хүүг тооцох чадвартай гэж үздэг. Таныг зээл авч байх үед банк сар бүр төлөх зээл болон хүүгийн хуваарийг гаргаж өгдөг. Бүр нарийвчилбал сар бүрийн хэдний өдөр төлөхийг хүртэл заасан байдаг. Гэтэл хүмүүс амьдрал дээр зээлээ төлөхдөө энэхүү хуваарьт өдөр нь төлж чадахгүй наана, цаана төлөх явдал нийтлэг байдаг. Үүнээс шалтгаалан дараа дараагийн сарын төлөлтийг хийхэд банк таны бодож байснаас өөр дүнтэй хүү нэхэмжлэх үе гардаг. Энэ нь тэдний буруу биш юм. Банкууд сар бүр хүүгээ тооцохдоо зээлийн үлдэгдлээс тооцдог. Өөрөөр хэлбэл өмнөх сард та зээлээ төлөхөд хэдэн төгрөгийн зээл үлдсэн тэр дүнгээс таны ашигласан хоногоор тооцож дараагийн сарын хүүг боддог гэсэн үг юм. Одоо үүнийг хэрхэн тооцдогийг дараах жишээгээр тайлбарлая.
Жишээ: Болд 2013/11/4-ний өдөр банкнаас 2,000,000 төгрөг, жилийн 10,8% хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авчээ. Зээлийн төлөлтийг сар бүр тэнцүү төлнө.
Банк танд зээлийн гэрээ байгуулах үед сар бүр төлөх хуваарийг доорх байдлаар хэвлэж өгдөг. Жишээ болгож эхний гурван сарыг харуулъя.

Он/сар Төлбөр Үндсэн төлбөр Хүүгийн төлбөр Зээлийн үлдэгдэл
12/5/2013 176,922 158,577 18,345 1,841,423
1/3/2014 176,922 161,121 15,801 1,680,302
2/3/2014 176,922 161,509 15,413 1,518,79

Энэ жишээнээс харахад эхний удаа зээлээ төлөхөд 18,345 төгрөг төлөх ёстой харагдаж байна. Энэ нь 2 сая төгрөгийг 31 хоног ашиглаж байгаа тул ийм дүнтэй хүү төлөх ёстой болж байгаа юм. (энэ талаар өмнөх зөвлөгөөнд тодорхой заасан байгаа. Та http://www.mongo.mn/c/120 -с үзнэ үү)
Одоо тэгвэл дараагийн буюу хоёрдох сарын хүүг хэрхэн тооцож байгааг доор тайлбарлая.
Эхний зээлийн төлөлт хийхэд зээлийн үлдэгдэл хэд болсныг юуны өмнө олох шаардлагатай.
Үүний тулд эхний сарын төлөлтийг хийсний дараа үлдэх зээлийн дүн, хоёрдох сард зээлээ ашигласан өдөр зэргийг тус тус олох шаардлагатай.
Дээрх хуваариас харахад эхний сард нийт 176,922 төгрөг төлсөн бөгөөд үүний 18,345 төгрөг нь хүүнд үлдсэн 158,577 төгрөг нь зээлд төлөгдсөн байгаа. Тиймээс эхний сарын төлөлтийг хийсний дараа таны зээлийн үлдэгдэл 1,841,423 төгрөг болсон. (Анх авсан зээл болох 2 сая төгрөгөөс 158,577 төгрөгийг хасч энэ дүн гарсан)
Одоо үлдсэн зээлээ дараачийн сард хэдэн өдөр ашигласныг олъё.
2013/12/05-ны өдрөөс 2014/01/03-ныг хүртэл зээлийн ашигласан хоног 29 хоног байна. Эндээс энэ хугацааны ашигласан хоногийн зээлийн хүүгийн төлбөрийг тооцон гаргаж болно.
Зээлийн хүүгийн төлбөр=Зээлийн дүнг*Зарласан хүүгийн хэмжээ/365*ашигласан хоног гэсэн аргачлалаар,
Зээлийн хүүгийн төлбөр=1,841,423*10.8%/365*29=15,801 төгрөгийн хүүг 2 дахь сард төлнө.
Гэх мэтээр дараа дараагийн сарын хүүг бодож гаргана. Эндээс харахад зээлийн үлдэгдэл багасах тусам зээлийн үлдэгдлээс бодогдож буй зээлийн хүүгийн төлбөр багасч байна.
Зээлийн сарын хүүг тооцох өмнөх зөвлөмжийг үзэх бол: http://www.mongo.mn/c/120 дээр дарна уу.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Бизнесийн зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа