​Боломжиндоо тааруулж зээл аваарай

  • 2014 / 04 / 28

 Хүмүүс Mongo.mn сайтыг ашиглан  зээлийн талаар зөвлөлгөө, мэдээлэл авч, сард төлөх зээлийн хэмжээгээ тооцож сурч байгаад бид тун баяртай байна.

Саяхан нэгэн бизнес эрхлэгч ашигтай лангууг зээлээр авч чадах эсэхээ тодруулахаар бидэнд доорх асуултыг ирүүллээ.
  Асуулт: Би танилаасаа байрлал сайтай, байнгын үйлчлүүлэгчтэй лангууг нь 30,0 сая төгрөгөөр авахаар ярьсан бөгөөд мөнгийг нь төлж чадахгүй, хугацаа алдаад байна. Би сард 300-400 мянган төгрөгийн хооронд төлбөл надад хэдэн төгрөгийн зээл олгож болох, зээл маань хэзээ төлөгдөж дуусах, мөн хэр их мөнгө төлөхийг тооцож өгнө үү.
Манай “ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨЛГӨӨ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ийн судлаач уншигчийн асуултын дагуу судалгаа хийгээд доорх хариултыг өгч байна.
Юуны өмнө та ашигтай наймаа хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа лангуугаа буцаагаад зарсан ч гэсэн үнээ алдахгүй гэдэгтээ таныг итгэлтэй байгаа гэж үзээд, илүүг нуршихгүйгээр шууд таны асуултанд хариулъя.
Та зээл маань хэзээ төлөгдөж дуусахыг тодруулсан байна. Гэвч банкууд таны хүссэн хугацаагаар зээл олгодоггүй, харин бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хугацаа нь дунджаар 2 жил байдаг юм байна. Тиймээс 2 жилийн турш сар бүр 400,000 төгрөг төлнө гэвэл банк танд хэдэн төгрөгийн зээл олгох боломжтойг мэдэх ёстой болж байна.
Банкууд бизнесийн зээлээ дунджаар сарын 2,0 – 2,2 хувьтай олгож байгаа бөгөөд давтан зээлдэгч нартаа үүнээс бага хүүгээр олгодог. Та дэлгэрэнгүйг энд-ээс харж болно.
Тэгэхээр банк танд бизнесийн зээлийг 2 жилийн хугацаатай 2,1%-ийн хүүтэй олгох боломжтой бөгөөд харин та сар бүр 400,000 төгрөг төлөх боломжтой гэвэл банк танд 6,380,000 төгрөгийн зээл олгох юм байна. (Та өөрөө ч тооцоолж үзэж болно. Үүнийг ашиглана уу).
Та уг нь ийм хэмжээний зээл хүсээгүй байх. Гэхдээ л банк ийм л хариу өгөх нь байна. Тиймээс та өөр бусад орлогууд байдаг бол тэдгээрийгээ хамтад нь мэдүүлээд, сарын орлого, эсвэл сард төлөх дүнгээ өндөрөөр мэдүүлж байж, 30,0 сая төгрөгийн зээл авах боломжтой юм. Дахин нөгөө тооцоолуураа ашиглан тооцож үзэхэд та сар бүр зээлэндээ 1,9 сая төгрөг тушааж байж, 2 жилийн хугацаатайгаар дээрх зээлийг авах боломжтой гэж гарч байна. Зээлд төлөх дүн нь л 1,9 сая төгрөг тул танай өрхийн эсвэл бизнесийн орлого үүнээс ч өндөр байх шаардлагатай болно.
Ихэнх бизнес эрхлэгчид олж буй орлогоо нотолж чаддаггүйн улмаас орлогоо дарж хэлэх тохиолдол байдаг. Үүнийгээ дагаад ч банкнаас авах боломжтой зээлийн дүн нь буурдаг.
Иймээс бид та бүхэнд удахгүй орлогоо хэрхэн баримтжуулан банкнаас зээл авах үедээ ашигладаг талаар зөвлөлгөө хүргэх болно.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮ, НӨХЦӨЛ

Сурталчилгаа