​БАЙРНЫ УРЬДЧИЛГААГАА БҮРДҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ ЭЭ, ЯАХ ВЭ?

  • 2025 / 10 / 03

БАЙРНЫ УРЬДЧИЛГААГАА БҮРДҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ ЭЭ, ЯАХ ВЭ?

Асуулт: Би 160 сая төгрөгийн орон сууц авахаар аймгийнхаа банкинд ипотекийн зээлийн очерт бүртгүүлчихсэн байгаа. Ростероор тээвэрт яваад 2 жил болж байна. Зарим сард 4 сая, зарим сард 2 сая авдаг. Дунджаар 3 сая авдаг. НДШ-ээ бүрэн төлдөг. Гэтэл урьдчилгаагаа бүрдүүлж чаддаггүй ээ. Ямар арга байна вэ?

Хариулт: Орон сууцны үнийн 30 хувийг өөрөөс төлөх ёстой. Таны хувьд 48 сая төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх ёстой юм байна. Хэрэв та цалингийнхаа 45 хувийг сар бүр хадгалбал 2 жил 8 сарын дотор бүрдэнэ. Гэтэл та аль болох ойрын хугацаанд урьдчилгаагаа бүрдүүлэхийг хүсч байна. Иймд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлдэг өөр ямар нэгэн арга, боломж бий юу гэдгийг танилцуулъя.

Ер нь хүмүүс урьдчилгаа төлбөрөө бүрдүүлдэг хэд хэдэн арга бий. Үүнд:

1. 2-3 жилийн төлөвлөгөө гарган цалингаасаа хуримтлуулах

2. Хамаатан саднаасаа дэмжлэг авах

3. Өөрийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаалах

4. Урьдчилгаа төлбөрийн батлан даалтанд хамрагдах

гэсэн боломжууд байдаг.

Эдгээрийг тус бүрд нь тайлбарлая.

1. ЦАЛИНГААСАА ХУРИМТЛУУЛАХ

Хамгийн түгээмэл арга. Урьдчилгаагаа төлбөрөө хурдан бүрдүүлэхийг хүсвэл ахиухан дүнгээр сар бүр хуримтлуулаад байх хэрэгтэй. Ипотекийн зээл авсан хүмүүс дээд тал нь цалингийнхаа 45 хувиар зээлээ төлөх болдог. Тэгвэл энэ жишгээр цалингаасаа сар бүр хадгаламжинд хуритлуулаад байвал 2-3 жилийн дотор урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломж байдаг. Аль банкны хадгаламж хамгийн өндөр хүүтэй байгааг та манай http://mongo.mn/z/1240 сайтаар орж үзнэ үү.

2. ХАМААТАН САДНААСАА ДЭМЖЛЭГ АВАХ.

Урьдчилгаа төлбөртөө зориулж хамаатан саднаасаа дэмжлэг авсан тохиолдолд бэлэглэлийн гэрээ байгуулах хэрэгтэй. Энэ нь давхар таны урьдчилгаа төлбөрийн нотолгоо болно. Харин танд мөнгө, хөрөнгө бэлэглэж буй хүн энэ хөрөнгөө ямар эх үүсвэрээр бүрдүүлснээ нотлох шаардлагатай юу гэж хүмүүс асуудаг. Энэ нь банк бүрээр харилцан адилгүй. Таны зээлийг эрсдэлтэй байж болзошгүй гэж үзэж байвал бэлэглэж буй хөрөнгийн эх үүсвэрийг нотлох баримтыг шаардаж болзошгүй. Бэлэглэлийн гэрээг нотариатаар батлуулах бөгөөд гэрээний загварыг тэндээс шууд ашиглаж болно.

3. ӨӨРИЙН ӨМЧЛӨЛД БУЙ ОРОН СУУЦЫГ БАРЬЦААЛАХ.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 2.2-д “Зээл хүсэгч … өөрийн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно.” гэж заасан. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А-255 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан энэ заалтын дагуу та өөрийн болон хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг давхар барьцаалах замаар зээлээ урьдчилгаагүй эсвэл бага хэмжээний урьдчилгаа төлбөртэйгээр авч болох нь байна.

4. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН БАТЛАН ДААЛТ.

Хөдөө, орон нутагт ипотекийн зээл авах гэж буй хүмүүс “Урьдчилгаа төлбөрийн батлан даалт”-нд хамрагдаж болдог. Мөн дээр нь Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ипотекийн зээл авч буй хүмүүс ч энэ батлан даалтанд хамрагдах боломжтой байдаг.

Товчхондоо таны урьдчилгаа төлбөрийн 60 хувьд зээлийн батлан даалтын сан баталгаа гаргаж, та үүнийг зээл авсныхаа дараа төлж болно гэсэн үг. Таны жишээн дээр тооцож үзье. Та 48 сая төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх ёстой. Үүний 60 хувь буюу 28.8 сая төгрөгийн урьдчилгаа дээр зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана. Та үлдэх 19.2 сая төгрөгийн урьдчилгаа эхэлж гаргаад зээлээ авч болно. Зээлийн батлан даалтын сангаас таныг ирээдүйд төлнө хэмээн баталгаа гаргасан урьдчилгаа төлбөрийг та зээл авсныхаа дараа төлнө. Дүгнэвэл худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 12 хувийг урьдчилгаа байдлаар төлөөд үлдсэн дээр нь баталгаа гаргуулж, зээлийнхээ хамт төлж болно. Энэ талаар орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 2.1.4-д “Орон нутагт орон сууц худалдан авахад зээлийн батлан даалтын сан болон даатгагчаас урьдчилгаа төлбөрт баталгаа, батлан даалт гаргаж болно” гэж заасан.

Хэрэв та үүнд хамрагдахыг хүсвэл зээл авч буй банкиндаа хүсэлтээ гаргана. Банк таныг бусад шалгууруудыг хангаж буй эсэхийг тогтоогоод Зээлийн батлан даалтын санд хүсэлт илгээнэ. Зээлийн батлан даалтын сан ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэнэ.

Гэхдээ энэ үйлчилгээ нь бас шимтгэлтэй. Таны урьдчилгаа төлбөрийн 28.8 сая төгрөг дээр таныг ирээдүйд төлж чадна гэж баталгаа гаргаж байгаа бөгөөд, жил бүрийн батлан даалтын үлдэглийн дүнгийн 1%-тай дүйцэх шимтгэлийг зээлийн батлан даалтын сан авна гэсэн үг. Иймээс эхний жилд 288 мянган төгрөгийн шимтгэл төлнө. Дараа дараагийн жилүүдэд батлан даалтын үлдэгдлийн 1 хувьтай дүйцэх хэмжээний шимтгэл төлнө.

Танд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх ийм боломжууд байна. Өөр боломжит хувилбарууд байвал бүгдээрээ комментэд бичиж нээлттэй ярилцая.

Та “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг

https://www.mongolbank.mn/.../money/2016/Ipotekiinjuram.pdf

Эндээс уншиж болно.

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа