​​Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа

  • 2020 / 09 / 16

Банк бус санхүүгийн байгууллага гэж жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн хэрэгцээг хангах үүднээс дараах нэр төрлийн санхүүгийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлдэг хуулийн этгээд юм. ББСБ нь СЗХ-ноос холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр дараах үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Үүнд,

1.Зээлийн үйлчилгээ: мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд тодорхой зориулалтын дагуу хүү, хугацаа, барьцаа эсхүл батлан даалтын үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэх

2.Факторингийн үйлчилгээ: төлбөр тооцооны баримтыг үндэслэн авлагыг нь хямдруулан худалдан авах буюу нотлогдсон авлагаар нь барьцаалан зээл олгох

3.Төлбөрийн баталгаа: ББСБ-ын харилцагч нь бусдын өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд түүнийг ББСБ харилцагчийнхаа нэрийн өмнөөс хийж гүйцэтгэнэ гэж баталгаа гаргах

4.Төлбөр тооцооны хэрэгсэл: вексель, баталгаажсан нэрийн чек, цахим карт зэрэг төлбөр тооцоонд ашиглаж болох санхүүгийн хэрэгслийг гаргах

5.Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга: ББСБ-аас харилцагчийн мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог гүйцэтгэх

6.Гадаад валютын арилжаа: гадаад валютыг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр худалдах, худалдан авах

7.Итгэлцлийн үйлчилгээ: тухайн ББСБ-д итгэсэн харилцагчийнхаа хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалан ашиг олж өгөх зорилгоор тохиролцсон хугацаанд ашиглах, захиран зарцуулах

8.Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт: тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг нэг жил хүртэл хугацааны үнэт цаас болон түүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулах

9.Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө: иргэд, хуулийн этгээдэд тэдний хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх

10.Санхүүгийн түрээс /лизинг: харилцагчийн захиалсан буюу сонгосон эд хөрөнгийн үнийг төлөөд өөрийн нэр дээр худалдан авч, цаашид харилцагчдаа тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгөөр түрээслэх үйл ажиллагааг тус тус хэлнэ

Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ номноос

Та хамгийн боломжийн нөхцөлтэй ББСБ-уудын мэдээлэлийг авахыг хүсвэл энд дарна уу?

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа