​Энэ банкууд яагаад өмчлөх газрыг дангаар барьцаалдаггүй юм бол

  • 2022 / 09 / 12

АСУУЛТ: Энэ банкууд яагаад өмчлөх газрыг дангаар барьцаалдаггүй юм бол.... Зарим банк бусууд ч бас барьцаанд авахгүй гэхийн...

ХАРИУЛТ:

Банк болон ББСБ-ууд яагаад газрыг дангаар нь барьцаалахгүй байгаа нь 2 шалтгаантай.

1-рт: Газартай холбоотой эрхийн асуудал

Манай улсын хуулиар газар болон түүн дээр баригдсан байшин барилга, объект нь тусдаа гэрчилгээтэй байдаг. Энэ нь газар болон түүн дээр баригдсан барилга нь 2 өөр хүний өмч байх боломжтой гэсэн үг.

Жишээ нь:

а. Нийтийн орон сууц нь оршин суугчдын нэр дээр байрны гэрчилгээтэй боловч газар нь оршин суугчдын хэн нэгний өмч биш юм.

б. Хашааны газраа өмчлөөгүй байхдаа дээр нь байшин бариад, байшиндаа өмчлөх гэрчилгээ авчихсан тохиолдол олон байдаг.

в. Эцэг эхийнхээ өмчилсөн газар дээр үр хүүхэд нь байшин бариад гэрчилгээ авчихсан тохиолдолд ч олон байдаг.

Үүнээс улбаалаад:

Дан газар барьцаалаад Танд банк зээл өгөхөөр болвол таныг зээлээ төлөхгүй бол газрыг хураана гэж тооцоолно. Гэтэл газрыг хураана гэхэд дээр нь барьсан байшин өөр хүний өмч байвал газрыг хураах боломжгүй болж банк хохирох магадлалтай юм.

Манай улс газар, түүн дээр барьсан барилга 2 өөр хүний нэр дээр байх боломжтой хуулийн орчинтой тул Банкууд газрыг дангаар нь бус дээр нь барьсан барилга, объектын хамт барьцаална гэсэн шаардлага тавьдаг.

2-рт: Газрын үнэ цэнэ, үнэлгээ

Хэдхэн жилийн өмнө УБ-аас бусад газар ямар ч үнэ цэнэгүй, эсвэл маш хямд үнэлгээтэй байсан. Одоо ч хөдөө аймаг, сумын газрууд маш хямд үнэтэй байна.

Ихэнхи аймаг сумдын газар үнэ цэнэгүй, газрын үнэ дээр нь барьсан байгаа байшин, барилгын үнээс хамаарч байна. Нэгэнт үнэ хүрэхгүй байгаа зүйлийг Банк барьцаалахгүй байна.

Харин УБ хотын зарим үнэ цэнээ алдахгүй байрлалтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалах боломжтой. Тун удахгүй ийм боломжийг удахгүй Банкууд бидэнд олгоно байх гэж найдаж байна.

Mongo.mn - санхүүгийн супермаркет

ББСБ-н зээлүүдИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа