​Хувийн санхүүгээ төлөвлөх: Орлогын эх үүсвэр бүрдүүлэх

  • 2020 / 09 / 21

Бизнесээ амжилттай эрхэлж яваа хүмүүс болон өөрийн шургуу хөдөлмөр, ухаан, авьяас чадлаараа баяжсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, алдаа оноон дээр үндэслэн эдийн засагчид орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд дараах ерөнхий зөвлөмжийг гаргасан байдаг. Үүнд:

  • 1.Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулийг өөрийн давуу тал болгон ашиглах. Аль ч зах зээлд аливаа бараа, үйлчилгээ элбэг дэлбэг буюу нийлүүлэлт их байвал түүний үнэ хямдарч эсрэгээрээ ховор хомс бараа, үйлчилгээний үнэ өндөр байдаг. Бараа, үйлчилгээний хангамж, нийлүүлэлт ихсэх, багасах, түүний үнэ өсөх, буурахад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Харамсалтай нь, бид амьдралдаа ялангуяа ажил, хөдөлмөр эрхлэхдээ зах зээлийн энэхүү эрэлт, нийлүүлэлтийн хуулийг тэр бүр ашигладаггүй. Жишээ нь, эргэн тойрондоо байгаа олон хүмүүсийн хийж байгаа зүйлтэй адилхан бизнес эрхлэх сонирхолтой байгаа бол ахиухан мөнгө олох, орлогоо нэмэгдүүлэх зорилго тань улам л хүндэрнэ. Нөгөө талаас, ихэнх хүмүүсийн эрхлэхийг хүсдэггүй ажил, үйлчилгээг Та хийвэл ахиухан мөнгө олох боломж гарч болох юм. Үүнээс гадна Танд ямар нэг зүйл хийх онцгой авъяас байгаа бол түүнийгээ хөгжүүлж, ажил хэрэг болгон орлогоо нэмэгдүүлж болно. Яагаад гэвэл тэрхүү бүтээгдэхүүн болон үйлчилгээ ховор бөгөөд нийлүүлэлт нь бага учир зах зээл дээр тухайн зүйлийн эрэлт болон үнэ нь өндөр байдаг.
  • 2.Өнгөрч байгаа цаг минут бүр мөнгө гэдгийг сайтар ойлгох. Цаг, хугацааг үр бүтээлтэй ашиглах нь мөнгө олох ур чадварын үндэс гэж хэлж болно. Ямар ажил хийдэг, хэн бэ гэдгээсээ үл хамааран ихэнх цагаа ямар зүйлд зарцуулж байгаагаа үргэлж бодож, хянаж байх нь чухал. “Би юу хийхэд илүү мөнгө олж байна, ямар зүйлд цагаа дэмий үрж байна” хэмээн өөрөөсөө үргэлж асуу. Ердөө л ахиу орлого олж байгаа зүйлдээ илүү их цаг зарцуулж, дэмий өнгөрүүлж буй цагаа багасгавал Та орлогоо нэмэгдүүлнэ гэсэн энгийн зарчим баримталж сурах хэрэгтэй. Цаг хугацаа хязгаартай гэдгийг үргэлж санаж байгаарай.
  • 3.Өөрийн үнэлэмж, үнэ цэнээ дээшлүүлэх. Та эрэлт хэрэгцээтэй ховор бараа үйлдвэрлэдэг, эсхүл чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ихээхэн ур чадвар шаардсан ажил хийдэг бол бусдаас илүү орлого олдог байх учиртай. Харамсалтай нь ихэнх хүмүүс тэрхүү ховор ур чадвараа үнэлж мэддэггүй, эсвэл бусдад илэрхийлж чаддагүйгээс илүү их орлого олох боломжоо алддаг. Ийм тохиолдолд Та ямар нэг компанид ажилладаг бол цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах хэрэгтэй. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол бараа, үйлчилгээнийхээ үнийг зохих түвшинд хүртэл нэмэгдүүлж болохгүй нь юу билээ.

4.Хянуур, хашир байх. Аливаа бизнес хийхдээ аль болох олон удаа тунгаан бодож, буруу зүйл хийх, алдаа гарч болзошгүй зүйлийг урьдчилан тооцоолохыг хичээх хэрэгтэй. Аз болон тохиолдлын зүйлд бүү найд. Ямар ч үед эрсдэл гарч болохыг тооцоолж, түүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь, бизнес төлөвлөгөө боловсруулахдаа бизнес хийхэд гарах бүх зардлаа тооцож үз. Түүн дээрээ урьдчилж тооцоогүй, гарч магадгүй гэнэтийн зардлыг төлөвлөж оруулах хэрэгтэй.

  • 5.Хөрөнгө, орлого хоёрыг ялгах нь чухал. Саятнуудын туршлагаас үзвэл тэдний ихэнх нь даруухан амьдардаг байна. Тэд том компаний захирал, эсвэл барууны хөгжсөн орны орлого ихтэй мэргэжилтэн буюу эмч, хуульчид шиг хувийн том байшин, үнэтэй тансаг машин худалдаж авдаггүй. Харин хэрэглээнээс илүү гарсан орлогоо ирээдүйд ашиг авчрах бизнест л хөрөнгө оруулдаг. Өөрөөр хэлбэл, эргээд ихээхэн урсгал зардал шаарддаг том байшин, эсвэл бензин их хэрэглэдэг тансаг машин худалдан авахаас татгалздаг. Эндээс харахад их орлоготой л бол их баялаг, хөрөнгө эзэмшинэ гэсэн үг биш юм. Тодорхой хугацаанд их ашиг олоод түүнийгээ үр ашиггүй зарчихалгүй ирээдүйд орлого олох зүйлд хөрөнгө оруулах нь эргээд орлогыг тань нэмэгдүүлэх эх сурвалж болно гэдгийг анхаараарай.

Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ номноос

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

АнгилалИЙН ТӨРЛҮҮД

БАНКУУДЫН ХҮҮГ ТООЦОХ

Сурталчилгаа